Wednesday, February 1, 2017

Л.К.Герасимович: “Миний сэтгэл зүрхний эгшиглэнг М.Цэдэндорж орчуулсан”

 Санкт-Петербургийн Улсын их сургуулийн багш, профессор, доктор, нэрт монгол судлаач Л.К.Герасимовичтой уулзах гэж яваадаа миний сэтгэл маш их хөдөлж байв. Миний утга зохиолын багш нартай халуун дотно нөхөрлөж, бүтээлийг судалж, монголын зохиолчдын дунд амьд домог болсон энэ их хүн надтай уулзахыг зөвшөөрсөнд, бас энэ их эрдэмтэнтэй нүүр тулж уулзахад тусалсан Мария Петровадаа хязгааргүй баярлаж явлаа. Энэ өдөр 2013 оны зургадугаар сарын 16-ны ням гараг. 11 цагт уулзахаар тохирсон болзооноосоо хожигдохгүй хичээн Петрова, хүү бид гурав эртхэн гарлаа.
         Людмила Константиновна Герасимовичийн бичсэн Монголын уран зохиолын тухай олон арван өгүүлэл, судалгааны бүтээлийг нэрлэж барахгүй. 1965 онд хэвлэгдсэн “Литература Монгольской Народная республика, 1921-1964 годов” /Монгол Ард Улсын Утга зохиол 1921-1964 он/, “Монгольская стихосложение” /Монгол шүлгийн тогтолцоо 1975 он/, “Литература Монгольской Народной Республика” /Монгол Ард Улсын утга зохиол 1965-1985/, “Очерки прозы –хүүрнэл зохиолын найрууллууд” /1991/, “Монгольская литература XIII начало-XX вв” /Монголын утга зохиол XIII-XX зууны эхэн үе/ /2006/ зэрэг судалгааны бие даасан зохиолыг дурдахад л Монголын уран зохиолын судлалд ямархан хувь нэмэр оруулсан нь тодорхой юм. Эдгээр бүтээлээс “Монгол Ард Улсын утга зохиол” ном нь англи хэлээр орчуулагдан Америкт хэвлэгдэж, олон орны уншигчдын хүртээл болсноор Монголын уран зохиолын судлал дэлхий дахинд бас нэг алхам урагшлахад чухал нөлөө үзүүлсэн гэдэг юм.
Ер Монголын уран зохиол төдийгүй олон улсын Монгол судлалыг Санкт-Петербурггүйгээр төсөөлөх аргагүй юм. Монгол судлалын төв Петербургт 1853 онд анх байгуулагдсан гэдэг. Анх байгуулагдсан Петербургийн улсын их сургуулийн яг тэр л бяцхан өрөөндөө одоо болтол байрлаж байна. Нэрт монголч эрдэмтдийн хөрөг зураг хананд нь өлгөөстэй байна. Тэнхмийнхэн эдүгээ 90 насыг зооглосон ч ухаан саруул, ид хөдөлмөрлөж байгаа Герасимович гуайн мэндэлсний түүхт ойг долдугаар сарын 30-нд тэмдэглэнэ хэмээн ярьцгааж байсан юм.
        Герасимович гуай 1856 онд баригдсан Үнэн алдартны сүмийн ажилтнуудын суудаг асан үлгэр домог шиг “буурал” байшингийн  гурван өрөө байранд ганцаараа амьдарч байна. Ердөө зүүхэн талд нь Достоевский амьд ахуйдаа мөргөдөг байсан Үнэн алдартны сүм байна. Тэр сүмд Герасимович гуай мөргөдөг. Достоевскийн гэр музей сүмийн зүүн талд. Эдүгээ Достоевский ч мөн энх амгалангийн орноосоо энэ сүмдээ мөргөдөг байх даа гэж бодогдлоо.
        Людмила Константиновнагийн гэр тэр чигтээ л номын сан. Том өрөөнийх нь хананд Чингис хааны хөрөг бүхий хивс хадаатай байна. Түүнийг манай соёлын гавьяат зүтгэлтэн доктор Ч.Билигсайхан Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор бэлэглэсэн хэмээн ихэд бэлэгшээдэг юм байна.
        Би Санкт-Петербург руу аялахаасаа өмнө түүний “Монгол бол миний хайртай орон, хоёрдахь эх орон минь билээ” хэмээх номыг уншсан юм. Энэ номын нэр бол эрдэмтэн зохиолч Д.Цэдэвийн тэмдэглэлийн дэвтэрт 2008 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Л.К.Герасимович “Монголия моя любимая страна. Для меня это вторая Родина” гэдэг үгийн орчуулга ажээ. Номын өргөл үгэнд:
        “Хүндэтгэхгүй байхын аргагүй хүн гэж байдаг. Олон түмний, уншигчдын, судлаач сонирхогчдын хүндлэлийг олж авна гэдэг нь тухайн хүний нөр их хичээнгүй хөдөлмөрч чанар, шинжлэх ухааны арвин их мэдлэг, тууштай үнэнч голч зан чанар зэргээс шууд хамааралтай. ХХ зууны монголын уран зохиол судлалд энэхүү хүндлэлийг авч яваа хүн бол яах аргагүй Санкт-Петербургийн Улсын их сургуулийн багш, профессор, доктор, нэрт монгол судлаач Л.К.Герасимович мөн юм” гэж доктор, профессор Ж.Байгалсайхан бичсэнийг эргэн саналаа.
        Биднийг ирнэ хэмээн бяцхан идээ, цай бэлджээ. Тэр хэдийгээр монголч эрдэмтэн ч гэсэн монголд ирэлгүй хорь гаруй жил болсон болохоор шууд монголоор ярьж чадахгүй байлаа. Харин миний ярьж байгааг сайн ойлгож, Герасимович оросоор, би монголоор ярилаа. Бидний яриаг түүний шавь М.Петрова орчуулж, Регина бидэнд үйлчилж, багшийгаа халамжилж байлаа.
        Ингээд түүнтэй товчхон ярилцсанаа уншигч танаа толилуулъя.
Таны тухай би уран зохиолын босгыг алхсан цагаасаа эхлэн сонсож байлаа. Харин тантай энэ их өндөр насанд чинь, алс холын Санкт-Петербург хотод уулзана гэж тэр үед төсөөлж ч байсангүй. Тантай уулзсандаа маш их баяртай байна.
Би ч гэсэн Монголын орчин үеийн уран зохиолын дунд үеийн төлөөлөгчтэй уулзсандаа баяртай байна. Бас Петровадаа баярлаж байна. Би Монголд очилгүй, монголын зохиолчидтой нүүр учралгүй их уджээ. 20 гаруй жил болж. Петербург Москваг бодвол хол болохоор монголын зохиолчид энд ирэх нь ховор юм. Би өндөр настай учир гэрээс бараг гардаггүй. Би таныг ирнэ гэж эртнээс сонссон. Нэг жижгэвтэр ном тань надад байдаг.
Монголд таны ном хэвлэгдсэн. Таны 90 насны ойд зориулж хэвлэсэн юм билээ. Би олж үзсэн. Бас таны шавь эрдэмтэн С.Байгалсайханы санаачилгаар Улаанбаатар их сургууль дээр 1997 оноос жил бүр “Геросимовичийн семинар” нэртэй оюутны эрдэм шинжилгээний хурал болдог. Энэ хурал утга зохиол судлаач, шүүмжлэгчдийн залуу халааг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тэр хуралд оролцсон залуус, ер нь монголын уран зохиол судлаачид таныг багшаа хэмээн хүндэтгэж явдаг.
Тиймээ. Би Д.Цэдэв, С.Байгалсайхан нарт маш их баярлаж байгаа. Монголын уран зохиолын тухай бичсэн өгүүлэл, шүүмж, судлал, бас ярилцлага багтсан сайхан ном хэвлүүлж өгсөнд талархаад барахгүй. Надад нэг хувь ирсэн. Бас Б.Баастаас захиа ирсэн. Бид нар нас чацуу. Баастын маань захиа нааш нь илгээснээсээ хойш дөрвөн сарын дараа ирсэн. Би их хүлээсэн энэ захиаг. Харин хариу захидлаа чамаар өгч явуулбал илүү хурдан хүрэх юм шиг байна. Бас Цэдэвт талархлаа илэрхийлсэн нэг захиа бичсэн. Түүнийг ч бас өгнө.
Таныг Ц.Цэдэнжав, Д.Пүрэвдорж, М.Цэдэндорж, С.Эрдэнэ зэрэг миний багш нар үргэлж ярьдаг байлаа. Таны бичсэн утга зохиолын судлалын өгүүллүүдээс монголд орчуулагдсаныг нь уншсан.
Одоо миний үеийнхэн бараг байхгүй болжээ. Ганц Бааст л үлдээ шив дээ. Сэтгэл зүрхэнд минь мартагдашгүй сайхан дурсамж үлдээсэн Д.Сэнгээ, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, С.Удвал, С.Эрдэнэ, Д.Пүрэвдорж, С.Дашдооров, М.Цэдэндорж, Ц.Цэдэнжав, Ч.Чимид, Б.Явуухулан, Ц.Гайтав, Д.Мягмар зэрэг шижир алт шиг зохиолчид, судлаачдаас Ц.Хасбаатар, Ц.Мөнх, Ч.Билигсайхан нар маань алга. Надад жаахан гунигтай байна. Гэвч уран бүтээл нь тэднийг мөнхөлж байна. Залуу үеийнхнийг төдийлөн мэдэхгүй юм. Одоо тантай л уулзаж байна. Танаас юм асууж болох уу?
Бололгүй яахав.
Сонсоод байхад Монголд маш олон зохиолчид төрж, маш олон ном хэвлэгдэх болжээ. Интернэтээр ч зохиол бүтээл их тавигдах болж. Тэр болгон уран зохиолын чанарын шаардлагыг хангасан байдаг уу? Танай уншигчид шинэ үеийн уран зохиолыг яаж хүлээж авч байна вэ?
Тиймээ, Монголд маш олон зохиолч гарч ирж байна. Эндээс жинхэнэ зохиолч, жинхэнэ зохиолыг ялгахад бэрх байгаа. Цагийн аясыг дагаад янз бүрийн урсгал чиглэлээр, янз бүрийн сэдэвтэй зохиолууд гардаг болсон. Ихэнх нь арилжааны бүтээлүүд. Уншигчдыг дагуулах биш, ихэнхдээ олонхи уншигчийн сонирхолд тохируулсан бүтээл их гардаг болсон. Тэрэнд ямар нэгэн босго, үнэлэмж өгөхөд их хэцүү. Хэр настай, чанартай бүтээл болохыг цагийн шалгуур л мэдэх байх. Интернэтэд маш олон өгүүллэг шүлэг тавигдаж байна. Залуучууд интернэтээс уншиж байна.
Манайд ч ялгаагүй тийм байна. Хэдийгээр шинжлэх ухааны ололт амжилтыг үгүйсгэх аргагүй ч ном бол хэвлэмэл л байх ёстой. Би хэвлэмэл номоо л хүндэтгэнэ. Цаг үе өөр болсон. Миний үе нэгэнт өнгөрсөн. Би өнгөрсөн үедээ үнэнч байна. Залуу үеийнхэн та нарт нэг хэлэх юм байна. Монголын орчин үеийн уран зохиол хөгжихөд Орос-Зөвлөлтийн уран зохиол, орос хэлээр дамжуулан монгол уншигчдын хүртээл болсон өрнийн утга зохиол маш их үүрэг гүйцэтгэж, монголын зохиолч, уншигчдын нүдийг нээсэн гэж би боддог. Орос хэлээр дамжсан уран зохиолыг уншсанаар монголын зохиолчид боловсорсон гэж ойлгодог. Тиймээс Орос хэл сурч, оросын уран зохиолыг их унших ёстой гэж бодож байна. Миний монгол найзууд энийг их сайн мэддэг байсан.
Таны олон шавь нар Монголын уран зохиолыг судалж байна. Би таны шавь нараас Петрова, Регина хоёрыг таньдаг. Олон жил нөхөрлөж, хамтран ажиллаж байна.
Тиймээ. Петрова, Регина хоёр Монголд очиж ажилласан. Би Монголын орчин үеийн уран зохиолыг судалж байгаа энэ хоёр шавьдаа нилээд найдлага тавьж байгаа. Танаас бас нэг юм асууя. Монголын зохиолчид хаанахын уран зохиолыг их уншиж байна вэ?
Янз бүр. Америкийн, бас дорно дахины хятад, япон, солонгосын уран зохиолыг орчуулгаар уншиж байна. Дэлхийн утга зохиолтой монголчууд танилцахдаа төрөлх хэлээс нь биш ихэвчлэн орос орчуулгаар дамжуулан уншиж байсан болохоор тухайн орны зан заншил, ахуйг бүрэн ойлгоход дутагдалтай байсан байх аа. Манай Монголын зохиолчид хуучин социалист системийн орнуудаас гадна англи, япон, хятад хэлээр бүтээлээ гаргаж байна. Дорноосоо олон жилээр хөндий байсан нүүдэлчин монголчуудын уран зохиолыг орчуулахад хэцүү байдаг бололтой.
Тийм биш ээ. Хүн төрөлхтөн гэдэг нэг юм. Хүний дотоод сэтгэл зүрх гэдэг адилхан зовлон жаргал хосолно. Ази, Америк, Европ, өрнө дорнын ямарч утга зохиолыг орос хэлээр дамжуулан ойлгож болно. Гагцхүү орчуулагчийн чадал эрдэм мэднэ. Тэр нь хэцүү, тэр нь амархан гэх юм байхгүй.
Оросын уран зохиолыг Д.Нацагдоржоос эхлээд Монголын олон орчуулагч, зохиолчид орчуулж, монгол уншигчдын хүртээл болгосон. Танд хэний орчуулга бусдынхаасаа илүү санаанд чинь хүрсэн бэ?
Би бол Монголын уран зохиол судалдаг. Монголын уран зохиолоос цөөвтөрийг орос хэл рүү орчуулсан. М.Цэдэндоржийн орчуулсан нэг шүлгийн тухай хэлмээр байна. Блокийн шүлгүүдээс монгол хэл рүү анхааралд өртмөөр орчуулсан зохиолыг төдийлөн олныг үзээгүй. Миний дуртай шүлгийг Цэдэндорж монгол хэл рүү санаанд хүртэл орчуулсан. Тэгэхээр бидний дотоод сэтгэл ижил мэдрэмжтэй санагдсан. Тэр бол: Блокийн “Девушка пела в церковом хоре” буюу “Сүмийн найрал дуунд бүсгүй дуулав” гэдэг шүлэг. Энэ шүлэг насан туршид минь миний сэтгэл зүрхний эгшиглэн болж ирсэн юм гэлээ.
Тэр шүлгийг М.Цэдэндоржийн орчуулсан Зөвлөлтийн шилдэг яруу найргийн түүврээс уншиж байснаа саналаа. Тэрээр Герасимович гуайн хүүхэд ахуй нас дэлхийн хоёрдугаар дайны хүнд бэрх жилүүдтэй давхцаж, Ленинградын бүслэлтэд өнгөрсөн байдаг. Энэ шүлэг өлсгөлөн, өнчрөл хагацлын гашууныг нялх балчир сэтгэл, турьхан жаахан биеэрээ амсаж, амьдралын төлөө бяцхан охинд ахадсан их тэмүүлэл, хатуу чанга тэвчээрээр туулж ирсэнтэй нь холбоотой юм шиг санагдсан юм. Хань нөхөр нь өөд болж, эдүгээ үр хүүхэдгүй ганцаараа үлдсэн нь ч тэр дайны эмгэнэлт үр дагавар гэлтэй. Улаанбаатарт ирсэн хойноо түүний хэлснээр сэтгэлийнх нь дуулал болсон шүлгийг олж авсан юм/ 
СҮМИЙН НАЙРАЛ ДУУНД БҮСГҮЙ ДУУЛАВ
Тэнгист гарсан хамаг онгоцны тухай
Тэртээд яваа хамаг ядрагсдын тухай
Тэгээд бас мартагдсан баярынхаа тухай
Сүмийн найрал дуунд бүсгүй дуулав
Бүсгүйн дуу бөмбөгөр орой өөд хадаж
Бөмбөгөр цагаан мөр нь гэрэлд цайвалзана.
Цав цагаан өмсгөлтний гэрэлд дуулахыг
Хүн болгон харанхуйгаас харан чагнана.
Хамаг онгоц намуун зогсоолд хүрч
Харьд яваа ядарсан хүмүүс амарч
Баясгалант сайхан амьдралыг олж
Баяр жаргал амсах мэт бүхэнд санагдана.
Гэрэл гэгээ нь тодхон, дуу хоолой нь содхон
Гэтэл эзэн хааны өндөр босгоны тэнд
Элдэв нууцад холбоотой энхрий хүүхэд уйлах нь
Эргэж хэн ч ирэхгүй гэж тодхон үглэнэ хэмээсэн шүлэг юм.
Эрхэм хүнтэй хоёр цаг гаруй ярьжээ. Регина, Петрова, миний хүү Билэгжаргал бид дөрөв хамтдаа цайлж, Ч.Билигсайхан агсаны бэлэглэсэн Чингис хааны хөргийн өмнө дурсгалын зураг авахууллаа. Би түүнд гарын үсэг зурсан номоо дурсгаж, Герасимович гуай надад Христийн элч тэнгэрийн баримал, нэг гоёмсог алчуур бэлэглэсэн юм. Герасимович гуайнхаас гараад Достоевский тэр хоёрын шүтээн Үнэн алдартны сүмд ороход мөргөлийн дуу цангинаж байлаа. Энэ дууг сонсож зогсоход яагаад ч юм Ленинградын бүслэлтийг тэсч гарах гэж толгойгоо ноосон алчуураар ороож, хар нялхаараа хэрсүүжсэн ухаалаг нүдээр ирээдүйгээ гэрэлтэй сайхнаар төсөөлөх гэж оролдон наран зүг ширтсэн бяцхан охин, амьдралын хатуу хүтүү, сайн сайхныг үзэж амсан, өнгөрсөн амьдралаа эргэцүүлсэн буурал эмээ хоёр ээлжлэн дүрслэгдэж билээ. Ер дэлхийн хоёрдугаар дайны аюул гамшигт нэрвэгдсэн орос хүүхдүүдийн хувь заяа элгэнд үргэлж хөндүүрлэж байдгийг ч хэлэх үү. Тэр хүнд хэцүүгээс гарах гэж тэмүүлсэн гэрэл гэгээ, амьдралынх нь утга учир Монголын минь уран зохиол байсанд гүн хүндэтгэл төрөхөөс аргагүй байлаа.
Багш нарын минь халуун дотны анд Герасимович хэмээх эрхэм хүндэт хүн амьдралынхаа далаад жилийг монгол, тэр тусмаа монголын уран зохиол судлалд зориулсандаа сэтгэл дүүрэн сууна. Бас монголчуудад, монголын уран зохиолд хичнээн хайртайг түүний ярьсан хэлсэн, хийсэн бүтээсэн болгоноос мэдэрч, гүнзгий ухаан, амьдралын асар их туршлагатай, эдүгээ өндөр насны оргил ирсэн ч эрчимтэй хөдөлмөрлөсөөр байгаа энэ хүнтэй уулзсан гайхамшигт тохиол насан туршид минь мартагдахгүй гэдгийг би сайн мэдэж байна.
                                                Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр
Эх сурвалж "Зууны мэдээ" сонин

Шүүмж бичих аргачлал

Шүүмж бичих аргачлал

Утга зохиолын шүүмжлэлийн гол цөм нь шүүмж юм. Шүүмж нь дараах онцлогтой байна.


Гол онцлог
Шүүмж бичихэд анхаарах зүйл
1. Гол төлөв тодорхой нэгэн зохиолыг шүүмжлэгч үзэл бодолдоо тусган авч үнэлж дүгнэх, тайлбарлах, сэтгэгдлээ илэрхийлэх байдлаар бичдэг.
2. Зохиолын талаарх сэтгэгдэл, үзэл бодол, үнэлгээ нь эцсийн үнэний хэлбэрээр биш шүүмжлэгчийн гоо зүйн таашаал, хандлага байдлаар илэрдэг.
3. Шүүмжлэгч хувийн шинж зан төрх, амьдралын байр сууриа харьцангуй тодорхой харуулж, үзэл бодол, сэтгэлийн хөдөлгөөнөө /бахархал, дургүйцэл, егөөдөл, зэвүүцэл, уур хилэн г.м/ илүү чөлөөтэй илэрхийлсэн байх нь олонтаа. 

·         Шүүмжлэгч өөрийн үзэл бодлыг тусгаж, зохиолд тусгагдсан асуудлыг тайлбарлаж, өөрт төрсөн сэтгэгдлээ илэрхийлж, зохиолчийн дэвшүүлсэн санаа, нийгмийн болон хувь хүний чанартай асуудлуудыг өөрийн байр сууринаас үнэлж дүгнэх шаардлагатай
·         Шүүмжлэгч нь зохиолын талаарх үзэл хандлагаа илэрхийлэхдээ гоо зүйн зарчмыг баримтлах ба өөрийн үзэл бодлоо хэт тулгаж болохгүйг анхаарах
·         Шүүмжлэгч нь үзэл бодол, сэтгэлийн хөдөлгөөнөө чөлөөтэй илэрхийлж болно
·         Шүүмжийг задлан шинжлэх, харьцуулах, баримтаар нотлох, нэгтгэн дүгнэх аргыг хэрэглэж бичнэ.
·         Шүүмжийнхээ зохиомж, бүтэц, найруулгад ихэд анхаарах шаардлагатай.

Дээрх онцлог байдлаас харахад шүүмжид зохиогчийн субъектив санаа бодол шүүмжлэлийн бусад төрлөөс харьцангуй тод харагддаг.

Утга зохиолын шүүмжлэлийг дотор нь:-
  1. Шүүмж
1.1 шүүмж
1.2 захидал
1.3 тэмдэглэл
  1. Шүүмжийн өгүүлэл
    1. онолын өгүүлэл
    2. маргааны өгүүлэл
    3. тойм
    4. бодол эргэцүүлэл
  2. Нэг сэдэвт зохиол
  3. Уран бүтээлчийн хөрөг
    1. хөрөг
    2. намтар зохиол
    3. найруулал
    4. ойн өгүүлэл
гэсэн төрөл, төрөл бүрд нь зүйл болгон хуваадаг.
1.1 Шүүмж. Утга зохиол, урлагийн бүтээлийг өөрийн уран сайхны үзэл баримтлалаар шүүн тунгааж, оюун санааны үнэлэмж, ертөнцийн тухай төсөөлөлтэйгээ уялдуулан гоозүйн зөн мэдрэмжээрээ шүүмэжлэгчийн мэргэжлийн түвшинд шинжлэн тодорхойлсон үнэлэлт, дүгнэлт бүхий нийтлэлийн зүйлийг шүүмж гэнэ.

Анхны шүүмжлэгч С.Буяннэмэх “Манай зохиолч нөхдөөс өгүүлэх нь: манай улсад шинэ зохиолууд олшрон гарч байна. Гагцхүү түүний сайн муу чанар ба найруулгын талаар онц болж уу, аль эс бөгөөс дутмаг болж буюу, тийм болсон нь юун дээр байна, утгын талаар тохироогүй зүйл байна уу, ер хэрхэн ямар маягтай болж буй, та нөхдийн унших болон ард нийтийн уншихад хэр тохирсон тохироогүй газар байна, эдгээрийг хэлж өгөх зохиолчийн нөхөд юунд үл гарна...” хэмээн бичиж байжээ.

ХХ зууны анхны шүүмжүүдийг С.Буяннэмэх, Ши.Аюуш, Ч.Дашням нар бичиж байжээ.

Шүүмж хэдийгээр шинэ уран бүтээлийн мэдээлэл мэт гарч ирэх боловч  уг чанартаа мэдээллийн шинж нь гол биш, харин шүүмжлэгчийн уран сайхны үзэл баримтлал, хувийн байр суурь уншигчдын анхаарлыг илүү ихээр татдаг болохыг анхаарах хэрэгтэй.

Шүүмжийг бадаг шүлгээс эхлээд эмхтгэл, түүвэр, дээжис, уран зохиолын аль нэг урсгал чиглэлд зориулж хүртэл бичиж болох ба гол төлөв шүүмжлэлийн гол объект нь тодорхой нэг бүтээл юм.

Шүүмжийг бичихдээ дараах хэлбэрээр бичиж болно.
  1. Орчуулгын шүүмж
  2. Шүүмжлэлийн шүүмж
  3. Хариу шүүмж
  4. Шог шүүмж
Монголын уран зохиолын судлал шүүмжийн түүхэнд тэмдэглэгдсэн дараах шүүмжүүдийг уншин яаж хэрхэн бичсэн талаарх ойлголттой болж болох юм.

Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романы эргэн тойронд:-
 М.Баянзул “Тунгалаг Тамир” роман ямар санагдана вэ?”
 Д.Цэдэв “Тунгалаг Тамир”
 Г.Дүйнхэржав “Тунгалагхан Тунгалаг Тамир”
Н.Банзрагч “Тунгалаг Тамир”-аас үүдсэн бодол”
Г.Жамсранжав “Тунгалаг Тамирыг тунгаан бодоход”

Хариу шүүмжийн тухайд зохиолч шүүмжлэгч хоёр мэтгэлцэж гол төлөв зохиолч бүтээлээ хамгаалсан байдлаар бичээд түүндээ урлаг утга зохиолын талаарх үзэл бодлоо илэрхийлдэг.
      Жишээ нь:- Ж.Пүрэвийн “Аянга” романыг тойрсон маргаанд зохиолч Ж.Пүрэв өөрөө оролцож Миний ойлголт, миний хараа” гэсэн хариу шүүмждээ гол дүрүүдийг хэрхэн бүтээсэн уран сайхны үзэл баримтлалаа тайлбарлаж, маргагчдын үзэл бодлыг өөрийнхтэйгээ жишин харьцуулж бичсэн байдаг.

Шог шүүмж нь уран нийтлэлийн өвөрмөц содон өнгө аястай, егөөдсөн мэт атлаа хурц дайчин шинжтэй байдаг. Жишээ нь:- Ц.Хасбаатарын “Гай газар дороос гахай .....номон дотроос” шүүмжийг Ч.Давгадоржийн “Уран утгын яруу тайлал” номноос уншиж болно.

1.2 Захидал. Захидал шүүмжийг нөгөө этгээдэд шууд хандан дотночилж зөвлөсөн, алдаанаас сэрэмжлүүлсэн, ахиц ололтыг сайшаан урамшуулсан байдлаар бичдэг. Мөн аливаа алдааг илэн далангүй шуудхан хэлж, уран бүтээлчийн лабораторийн нарийн ширийнийг эмзэглэхгүйгээр дэлгэн тавихын хажуугаар ёс зүйн хэм хэмжээг үл эвдэн аливаа асуудлыг хамтарч хэлэлцэх, харилцан буулт хийж хамтын шийдвэр гаргах боломж илүүтэй байдаг онцлогтой.
        Захидал шүүмжийг найруулахдаа захиа бичгийн дэг жаягийг баримталж, хандах, талархах, хүндэтгэх болон ерөөл билэгдлийн үгийг хэрэглэж болно.

Жишээ нь:- Б.Ганбат зохиолч С.Пүрэвт хандсан “Итгэл сэтгэлийн үг” хэмээх ил захидал шүүмждээ “70-аадоны өгүүллэгт түгээмэл ажиглагддаг сэтгэлийн дотоод хөг аялгуу, уянгын шижим, уран тансаг найруулга, гүн ухаан, бодол бясалгалын өнгө аяс зэргийг талархахын ялдам хүүрнэлт зохиолын нэгэн үеийн дутагдал болох дүр дүрслэлийн давталт, уран сэтгэмжгүй, үйл өрнөлгүй, хэвшмэл маягийн сэтгэлгээ байгааг сэрэмжлүүлж цаашдын уран бүтээлдээ засахыг хүссэн байна.
        С.Энхбаяр “Мандаж байгаа, жаргаж байгаа наран”
        Д.Галбаатар “Номон захидалын хариу”
        Д.Галбаатар “Найрагчид илгээх захидал”
       С. Энхбаяр “Ц.Хуланд бичсэн захидал”
       С.Энхбаяр “Пост модернист Б.Галсансүх танаа”

1.3 Тэмдэглэл. Тэмдэглэл бичигч нь бичиж буй зүйлийнхээ талаар ямар нэгэн онол баримтлалынх үүднээс үнэлэлт дүгнэлт өгөхийг гол зорилгоо болгохгүй зохиол бүтээл буюу зохиолчтой холбоотой сонирхолтой мэдээ баримт цуглуулах, аян замд хамт явах, уулзалт, судалгаа, сурвалжлага хийх явцад төрсөн сэтгэгдэл, бодол бясалгалын зүйлийг харьцангуй чөлөөтэй найруулан бичдэг. Гэвч онолын болон судалгааны чухал асуудлыг дэвшүүлсэн байж болно.

Жишээ нь:- Г.Жамсранжав “Зохиолчийн хөдөлмөр, уран чадвар”
                    Ц.Хасбаатар “Яруу найргийн тухай тэмдэглэл”
                                           “Яруу найрагт хийсэн зарим ажиглалт”
                    Ц.Мөнх “Яруу найрагчийн бүтээлээс цохон тэмдэглэх нь “
                    Ш.Цэнд-Аюуш “Хүүхдийн зохиолын дүрслэлийн онцлог”

Хоёр. Шүүмжлэлийн өгүүлэл
Гол онцлог нь:-
  • Уран зохиол туурвилын практикийг шинжилж, уран сайхны үзэгдлийн шинжтэй зүйлсийг нэгтгэх замаар утга зохиол, урлагийн хөгжлийн урсгал, хандлагыг тодорхойлдог
  • Зохиолд өгч буй үнэлэлт дүгнэлт нь тухайн шүүмжлэгчийн хувийн үнэлгээ гэхээсээ шинжлэх ухаанд нотлогдсон буюу нийт олонхоор хүлээн зөвшөөрсөн гарцаагүй баримт сэлтэд тулгуурлана
  • Бичлэгийн арга маягийн хувьд шинжлэх ухааны хэл найруулгад илүү дөхөм, нэр томъёо, бүтэц зохиомжийг ашигладаг
  • Голдуу нэг сэдвийн хүрээнд бичигддэг.Онолын өгүүлэл
    • С.Буяннэмэх “Шинэ үеийн уран зохиол”
    • Б.Содном “Утга зохиолын тухай”
    • Ц.Дамдинсүрэн “Хичээл билгээ гаргаж, хэл бичгээ хөгжүүлье”
    • Ш.Гаадамба “Утга зохиолын хэв шинжийн асуудалд”
    • Г.Ринченсамбуу “Хийснээ үзье, хэтээ бодъё”
    • С.Энхбаяр “Яруу найргийг шинэчлэхийн төлөөх 100 жилийн дайн буюу модернист фронт командлагч С.Галсансүх”
    • С.Энхбаяр “Онол бор саарал байдаг бол амьдралын мод мөнх ногоон байдаг”
    • С.Энхбаяр “Эрх чөлөө ба экзистенциализм”
    • С.Энхбаяр “Өндгийг аль талаас нь хагалах вэ?”
    Асуудал дэвшүүлсэн өгүүлэл
    • Б.Содном “Үргэлжилсэн зохиолын учир”
    • Д.Цэвэгмид “Уран зохиолыг хэрхэн бичих вэ?”
    • П.Хорлоо “Реализм гэж юу вэ?”
    • Тайлбар өгүүлэл
    • Ц.Хасбаатар “Уран зохиолын учир”
    • Ц.Мөнх “Гоозүй, утга зохиол”
    • Д.Өлзийбаяр “Яруу найргийн давталт түүний учир холбогдол”
    Судалгааны өгүүлэл
    • Г.Жамсранжав “Сэдвийн хүрээ, агуулгын далайц”
    • Ч.Чимид “Монгол шүлгийн систем”
    • Ш.Гаадамба “Шүлэг зохиох асуудалд”
    • Д.Цэнд “Монгол шүлгийн тогтолцооны асуудалд”
      • “Уянгын яруу найраг дахь уран сайхны сэтгэмж”
    • Х.Сампилдэндэв “Шүлгийн дотоод холбоц ба хөг аялгуу”
    • Н.Жамбалсүрэн “Монгол шүлэг”
    • Д.Өлзийбаяр “Орчин үеийн сэдэвт романы тухайд”
    • Х.Сампилдэндэв “Монгол романы зарим шинэ хэлбэрийн тухай”
    • Ч.Давгадорж “Орчин үеийн монгол романы сэдэв, уран чадварын асуудалд”
    Маргааны өгүүлэл
    • Ц.Дамдинсүрэн “Хариу бичиг”
        • “Мишигийн өгүүллийн тухай”
    • Ш.Гаадамба “Нэгэн гайхалтай өгүүллийн тухай”
    • Ч.Дашням “Шүлэг уран зохиолын доод шат уу?”
    • Ц.Дамдинсүрэн “Хуучин монголын уран зохиолын доторх ардчилсан чиглэл”
    • Д.Галбаатар “Энэ хэдэн хүүхдийн “урсага”-ыг хуулахгүй юм сан”
    • С.Энхбаяр “Обломов маягийн алхайрал ба Баабар маягийн мэдэмхийрэл” 1991
    Гурван эрдэнэ багшийн сургуулийн сайтаас...

Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлага

1. Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ)нь дараах хэсгүүдтэй байна. 
а. Өгүүллийн нэр 
б. Зохиогчийн овог нэр, хаяг 
в. Өгүүллийн хураангуй 
г. Түлхүүр үг 
д. Өгүүллийн оршил 
е. Өгүүллийн үндсэн хэсэг 
ж. Дүгнэлт 
з. Ишлэл татсан ном, зохиолын нэрс 
и. Зохиогчийн тухай 
2. ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297x210мм (A4) хэмжээтэй 10 хуудсанд багтсан байна. 
3. Өгүүллийг зөвхөн Microsoft Office 97/2000/ХР/2003/2007 программ дээр *.doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан SUNA Centurion фонт дээр 12 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
4. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2.5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй. 
5. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
 6. ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж бичнэ. 
7. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. 
8. Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томъѐо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъѐоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ. 
9. Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй. 
10. Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгүүлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ. 
11. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино. 
12. Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүний товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж SUNA Centurion фонд дээр 10pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лаборатори зэргийг бичнэ.

С.Буяннэмэхийн намтар

Сономбалжирын Буяннэмэх нь 1902 онд Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны нутаг буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ. Бага байхад нь аав ээж нь нас барж нагац эгч дээрээ очсон ч ядуугийн эрхээр түүнийг Тогтох тайжид үрчлүүлжээ. Тогтох тайж түүнд Харчин угсааны Ашинга гэдэг хүнээр Монгол Манж хэл бичгийг голлон, мөн Хятад хэл бичгийг заалгадаг байжээ.
С.Буяннэмэх нь багаасаа ард түмий эрх чөлөөний төлөө тэмцэж Сүхбаатарын байгуулсан хувьсгалт нууц бүлгэмд орсон бөгөөд 1921 оны эхээр гишүүн болсон байна. Хиагт хотод ардын журамт цэрэг ялалт хийсний маргааш өдрөөс эхлэн ардын түр засгийн газрын гадаад хэлтсийн бичээчээр эхлэн ажиллажээ. Буяннэмэх нь Эрхүү хотноо очиж Монголын үнэн сонин болон хувьсгалчдын ухуулага хуудсыг эрхлэн гаргаж байгаад 1921 онд нийслэл хүрээнд ирж цэрэг ардын дотор суртлын ажлыгэрхлэн хийж байхдаа “Ертөнцийн улирал”, “Хувьсгал”, “Ардын намын аливаа учир”, “Засаг төрөл гарал учруудыг товчилсон толь” гэдэг номыг Ишдоржийн хамт 1922 онд бичиж гаргажээ.
Бошгийг халах залуучуудын эвлэлийн соёл урлагийн ажлыг тэрээр цоо шинээр явуулж байсан юм. 1922 оны 3 сарын 28 нд жанжин Сүхбаатарын нэрэмжит клуб нээгдэхэд “Ойрхи цагийн товч түүх” жүжгээ найруулан тавьжээ.
Энэхүү жүжгээ 1922 онд бичээд 1924 онд хэвлүүлэхээр засвар хийн таван дэвтэр 32 бүлэг болгожээ. Мөн 1922 оны өвөл Москва хотноо хуралдсан Алс дорнодын олон улсын ардын төлөөлөгчдийн анхдугаар их хуралд очиж В.И.Ленинтэй уулзсан байна.
1924 – 1926 онд С.Буяннэмэх өвөр Монголд байсан бөгөөд тэнд байхдаа “Дотоод Монголын ардын сэтгүүл” гэдэг суртлын ба уран сайхны сэтгүүл эрхлэн гаргаж байсны дээр шүлэг өгүүллэгээ үргэлжлүүлэн бичиж байжээ.
Эх орондоо буцаж ирсний дараа Буяннэмэхийг Буриад Монголын гуйлтаар Буриадад очиж багшийн сургуулийн монгол хэл бичгийн багш, сонин хэвлэл, урлаг утга зохиолыг хэвлүүлэх зэрэг ажлуудыг нэг жил хийж байгаад иржээ. Тэрээр Буриадад байхдаа “Алсыг зорьсон алтан загас” тууж, “Аюулт дайны чимээ”, мөн хүүхдийн 10 гаруй өгүүлэг “Нарны эргэлт” гэдэг шүлэг “Ленин” гэдэг нийтлэл зэргийг бичиж 1927 онд гарсан “Уран үгсийн чимэг” гэдэг эмхтгэл болон бусад хэвлэлд нийтлүүлсэн байна.
С.Буяннэмэх зөвхөн зохиол оролдоод зогссонгүй мөн энэ үеэс уран зохиолын онол, шүүмжлэл судлалын ажлыг идэвхитэй хийж эхэлжээ. 1929 онд хэвлэгдсэн Уран үгсийн чуулган, Уран зохиолыг хэрхэн зохиох сэдэв гэсэн 2 том бүтээл хэвлүүлжээ.
Түүний уран бүтээл нь олон талтай баялаг юм. 1936 онд зохиосон Малчин Товуудай хэмээх тууж нь тухайн үеийн ухуулгын уран зохиод шинэ дэвшилт байлаа. С.Буяннэмэх “Баатар хөвгүүн Тэмүүжин”, “Марал шар”, “Харанхуй засаг”, “Шөнийн буг”, “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар”, “Гурван хорын хүлээс”, “Хар барс”, “Ардын долоон баатар”, “Үнэн” зэрэг арав гаруй жүжиг бичсэн бөгөөд “Хоршоо жингийн дуу” , “Сэрэмж” , “Нутаг усны тэмцэл” зэрэг хэдэн жүжиг нь одоо хараахан олдоогүй байна. Эднээс хамгийн алдартай нь харанхуй засаг юм.
С.Буяннэмэхийг 1937 оны намар улс төрийн хэргээр баригдаж яваад эсгийн дотор бүтэж нас нөхчжээ.

Дашдоржийн Нацагдорж

Дашдоржийн Нацагдорж
Natsagdorj.jpg
Төрсөн:1906 оны 11 сарын 17
Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн Галуутай гэдэг газар
Өнгөрсөн:1937 оны 7 сарын 13 (30 насалсан)
Ажил үйлЗохиолч, яруу найрагч, орчуулагч
Гарал үүсэлTайж
Яс үндэсХалх
Улс оронМонгол улс
БоловсролДээд
ТөрөлШүлэг, үргэлжилсэн үг, тууж, өгүүлэг, жүжгийн зохиол

Улаанбаатар хотод байх их зохиолч Д.Нацагдоржийн хөшөө
Боржигон Дашдоржийн Нацагдорж (1906 - 1937 оны 6 сар) нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч байв.

Намтар

Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төрж 1937 оны 7 дугаар сарын 13-нд нас барсан. Долоон настай байхад нь эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн эвгээлд өсөж өндийжээ.
Бага насандаа гэрийн боловсрол эзэмшсэн.
1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв
1921 оноос Цэргийн яаманд бичээч, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга.
1924 онд 18 настай Д.Нацагдорж Улсын Анхдугаар Их Хурлын зохион байгуулалтын ажилд оролцож байжээ.
1925 оноос Бүх Монголын пионерийн товчооны дарга хийж байсан.

Хилийн чанадад суралцсан нь

1923 оны долдугаар сарын 24-нд тусгай комиссын боловсруулан нийтэлсэн "Эдийн засгийн үндсэн бодлого"-ын 15-р зүйлд аж үйлдвэр, техник, технологийн арга ажиллагаанд суралцсан дунд, тусгай, дээд түвшний үндэсний боловсон хүчинг гадаадын аль нэг улсад бэлтгэн сургахаас өөр аргагүй болсныг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ямагт сурч боловсрохын төлөө шамдаж ирсэн Д.Нацагдорж нь ЗХУ-ын Ленинград хотноо Улс төрийн академид 1925-1926 онд суралцав.
Герман улсын холбогдох албаны хүмүүстэй ярилцаж тохиролцсоны дагуу 1926 оны есдүгээр сарын 11-ны өдөр намын Төв хорооны Зохион байгуулах зөвлөлийн 24 дүгээр хурлаас Д.Нацагдорж, Пагмадулам, Пунцаг, Лувсанчүлтэм, Санжаа, Бат-Очир нарын зургаан хүнийг Герман улсад явуулж сургах шийдвэр гарсан байна. Ийнхүү Герман, Франц улс дахь сурагчдын тоо нийтдээ 44 хүрчээ. Д.Нацагдорж нь 1926-1929 оны хавар хүртэл Берлин, Лейпциг хотуудад хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахин, ерөнхий эрдэмд суралцан орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчид, эрдэмтэн мэргэдийн бүтээлтэй эх хэлээр нь танилцжээ.
Д.Нацагдорж 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд нэг жил Төмөрийн үйлдвэрт орчуулагч, 1930 оны хавраас 1931 оны нэгдүгээр сар хүртэл "Залуучуудын үнэн" сонинд утга зохиолын ажилтан, 1931 оны 1 сараас Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1934 оноос мөн хүрээлэнд түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгчээр ажиллаж, 1937 оны 3 сарын сүүлчээс Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байв.

Уран бүтээл

Д.Нацагдорж ЗХУ /1926/ болон Германд /1926-1929 онд/ хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ. Д.Нацагдорж "Ушаандар", "Сандо амбаны харгис явдалжүжиг, "Учиртай гурван толгойдуурь, "Миний нутаг", "Од", "Октябрь" зэрэг олон арван шүлэг, "Хуучин хүү", "Цагаан сар ба хар нулимс", "Харанхуй хад" зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ.
Түүний бүтээлүүд "Учиртай гурван толгой"-1934 онд, Зохиолын түүвэр-1955 онд, алдарт "Миний нутаг"-1963 онд, Ламбугуайн нулимс-1976 онд Шувуун саарал нэртэйгээр хэвлэгдэж байжээ.

Орчуулга

Д.Нацагдорж Оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь", Эдгар Погийн "Алтан цох" гэх мэт хэдэн зохиолуудыг оросгерман хэлнээс уйгагүй анх орчуулжээ.
Д.Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ОХУЭнэтхэгГерман зэрэг олон оронд хэвлэгджээ.